Батчимэг
2011-12-31
Ч.Лхамсүрэн : Хурандаа найраглал

Хурандаа

Монгол орны хил хязгаараар хэрж тэнэчихсэн

Морин цэргийн буурал хурандааг хэзээний би танина

Архангайн уул усанд төрж өссөн хүү юм

Овог нэрийн хэлбэл Чүлтэмийн Батаа гэдэг

Олонх нөхөд нь түүнийг манай хурандаа гэдэг

Одоо тэр төмөр замд диспетчер хийж байна

Овоо ажилтай гэж алдар нэр нь мандаж байна

Өнгөрсөн дайнд хороо цэрэг командалсан шигээ

Өнөөдөр галт тэрэгний цуваа удирджээ

Өнөө хурандааатайгаа ноднин хавар би уулзаад

Өдөржин гэрт нь зочин болж хамт байлаа

Дээл хувцсаа хийдэг урт модон авдартай

Дээр нь тэгээд 2 өнгийн ширэн чемодантай

Дэлэм илүүхэн тэг дөрвөлжин шар ширээтэй

Дэргэд нь тулгаад 2 мухар сандал тавьжээ

Хар өнгийн ширэн чемодан хэт хуучиртлаа

Хаа явсан газарт нь эзнээ үргэлж дагажээ

Ханзарсан цүү, хугарсан буланг нь харж ажихад

Хатуу зөөлөн эдэлгээнд жагсаалаас гарах нь дөхжээ

Цэрэг хүний ногоон төмөр орон дээр

Цэмбэн эмжээртэй 3н гудас давхарлан дэвсээд

Цэцгэн хээтэй бүтээлэг ганц өдөн дэрээ

Цэвэр нямбай хурааж зассан нь их л цэмцгэр

Имэрч үзэх хялгасгүй болтол шүүрдэн цэвэрлэсэн

Эрт цагийн өргөн энтэй эрээн хивс

Эх орон, цахилгаан индүү, хориод ном

Энэ тэрхнээр эд хогшил бүрдэгдэх нь тэр

Эм хүн хэрэү ганцаараа явсаар эмгэн болбол

Энэ зэрэгтэй айл болж чадахсан болов уу?

Эр хүн ганцаараа явсаар өвгөн болохдоо

Энэ дайтай аж төрж чаддаг юм даа

Өөрийхөө биеийг дээд хэмжээгээр магтан сайшааж

Ерөөл нөхөртөө хэлдэг үг нь ердөө л энэ

Өрж зассан зүйлсийн өнгө зүсийг хараад

Өвгөн хурандааг хэн ч гэсэн магтах л байх

Байшингийн цонх, пийшингийн ширэм, аяга шанага

Байж л байгаа ил тавьсан юм бүрийг

Байнга цэвэрлэдэг ажилч хүний цуцашгүй гар

Барих шороо харах тоосгүй гялалзуур болгожээ

Нар сарнаас илүү хүндэлж үздэг

Найм есөн одон медальтай манай хурандаа

Найз дотно хүмүүсдээ юуны өмнө үзүүлдэг

Нарийн хир сууссан 2 зузаах дэвтэртэй юм

Нарлаг дэлхийд эхээс төрөөд өдийг хүрсэн

Намтар түүхийнхээ дутуу хагас судар болсон

Нандин эрхэм 2 дэвтэрээ чемоданаасаа гаргаад

Надад өгөхдөө Батаа гуай минь ингэж хэллээ

-Арван нэгэн онд ардийн партизаан болсноо

Хорин хоёр онд хувьсгалын эсэргүү даралцсанаа

Гучин есөн онд Халх голд байлдсанаа

Дөчин таван онд Жанчхүү хотод хүрснээ

Нэгд нэгэнгүй тодорхой ярьхыг чи надаас

Нээрэн тэгээд хүсэж байвал үүнийг үз л дээ!

Нэхий дээлтэй хүүхэд байсан үе минь байхгүй ч

Нэлээд зүйлийг 2 дэвтэр минь хэлнэ шүү гэлээ

Цай ууж, хоол идэж зөндөө тухаллаа

Цааш нь бас зүгээр байсангүй юу яалаа....

Цадаж ханатлаа ингэж хоёулаа идэж уусан ч

Цаг мөчөө дэмий үрсэнгүй сайн ч ярилцлаа

Дөч эргэсэн, жар хүрсэн 2 эр

Дүнгэр дүнгэр гэлцээд үгэндээ халаад ирэхээр

Дүүгийн ёс, ахын нас хамаагаа алдаад

Дүүрэн чөлөөтэй ний нуугүй хүүрнэчих юм

Альбомд наасан үнэтэй цэнэтэй хөрөг дээр нь

Алаг 2 нүд минь аппаратын дуран шиг тогтлоо

Ахмад цэргийн ярьсан яруу найргийн олзыг

Ариун гэгээн сэтгэл минь зургийн хальс шиг буулгалаа

Оршлын хажуугаар оршил болгон урсгаад би

Олон таван үгээр тайлан тавьхаа больё

Олж заасан зургийг нь бүгдээрээ хамтраад үзье

Онцолж хэлсэн зүйлийг нь бултаараа нийлээд сонсьё

Эгц өөдөө годгор оройт цэрэг малгайтай

Эгэл жирийн орос залуугийнгэрэл зураг

Эхний хуудсанд нь илхэн гараад ирлээ

Энд тэнд нь өнгө шалбарсан ч нүүр нь бүтэн

-Анх удаа орос хүнтэй гар барихдаа

Амь тэмцсэн хүнд үед үүнтэй барьсан юм

Ахын чинь түүх одоо л эхлэх нь гэж зургаа заагаад

Ахиад нааш нь утга учрыг нь тайлж ярилаа

-Партизаан ч гэждээ буруу хойшоо арван наймтай...

Бага ч байж, томноогүй ч байж одоо санахад...

Байлдаан тулаан хийж, дайсныг цохих байтугай

Барилдаж ноцолдоод үе тэнгийнхнээ дийлдэггүй байлаа.

Хир утаатай цахиур буугаа арчиж аваад

Хэрчим тугалга хайлгаж хэдэн сум цутгаад

Хээр алаг байдсаа эмээллэн байж мордоод

Хэсэг нөхөдтэй хамт нэг өдөр явлаа би.

Буу нижигнэж сэлэм гялалзсан тулалдааны сүүлчээр

Бут цохигдсон дайсны үлдэц амь зугтахын тулд

Бутран сарниж хэд хэдээрээ зүг зүгээрээ

Буруулан зугтсаны нэг хэсгийг ингэж мөрдлөө

Өвч битүү ойн гүнд нэгжлэг хийсээр

Өглөө гарсан ойд бага үд хүргэлээ

Дээсэн бүслүүрээ чангалж гэртээ ороод

Арьяа Дэнгийн цөгцөнд, бэлдсэн голоо шигтгэж суулаа.

Уулын оройд дүнгэнэсэн салхин шуугиан дундуур

Улс шуугьж, нохой уцаж, буу ч дуугарлаа.

Ухасхийн цочсон Арьяа хаалгаа оньслоод

Ухрахдаа хийтэй нохой ирж гэж бодлоо.

Айж садарсан бүсгүй гэнэт охиноо бодоод

Араатанд өртөх бий гээд үүд рүүгээ алхтал

Арслан нохой нь хуцан давхитал, буу тасхийгээд

Аль наад хаалгаа тайл гэж хүн зандарлаа.

Таахай гэдэг хочтой Авир тавнан тэргүүлээд

Таван буутай хүн чихэлдэн орж ирээд

Танайх чинь гишүүн Батаагийнх мөн биз?

Танай нөхөр чинь партизан Батаа мөн биз?

Аль ч учраа олохгүй сандарсан бүсгүй мөн гэлээ.

Аймагт доншуучлаад буцаж ирээгүй байна уу? Гэж

Айхтар ширүүн хялайгаад  Таахай тавнанг асуухад

Арьяагийн хоолой чичрээд “үгүй” гэж хариулав.

Улаан торгон дээлээ шар орхимжоор бүсэлсэн

Унзад явсан Тангад Арьяагийн дэргэд ирээд

Улцан зовхио жартайлган эрүүг нь өөд нь болгоод

Уг нь зүгээр хүүхэн шүү шннд тас тас инээлээ.

Нүдэнд үзэгдээгүй, чихэнд дуулдаагүй муу муухайгаар

Нүгэл хилэнц тарих нь гэж айгаад Арьяа

Нүнжиггүй танхай хүдэр эрсээс сүрдэн дальдарч

Нүүрээ буруулан нөгөө тийшээ харан ухрав.

“Байг байг ламтан минь ариун гараа бузарлана.

Базаахгүй амьтны ёр шүгэлсэн шулмас шүү.

Байцааж саатаад яах вэ там руу л туучихья” гэж

Бах нь ханасан янзтай  Таахай тавнан хөхрөв.

“Амь авар” гэж хөөрхий бүсгүй шивнэн хэлэхэд

Авир тавнан хөмсөг зангидан шүд зуугаад

“Амьтны шаар, ардынхны шавхай тэгнээ чи

Арван найман тамыэ адагт нь хий” гэж хашгирлаа.

“Бурхан минь” гээд Арьяа үүд рүүгээ ухасхийхэд нь

Буулиа хүнд гараараа унзад гэдрэг нь түлхлээ.

“Буруу номтны өлөгчин бурхны нэрээр бултна уу?

 “Бузгай зальтай чамайг буудъя” гэж таахай хашхирав

Пан гэсэн хатуу дуу огцом дуугарч 

Паг гэтэл дэн унтарч харанхуй болов

“Партизаны нүдэнд гэрэл ч асахаа болох нь” гэж

Пар пар дуугараад чүдэнз зурлаа, унзад

“Авдар савыг нь бушуухан уудал, цаг өнгөрлөө

Алиалж нааддаг үе биш” гэж Таахайг хэлэхэд

Араатан чоно улай үзсэнтэй адил тэд

Авах юмаа өрсөлдөн бие биесээ түлхэлцлээ

Хүн төрхөө алдаж араатан шинж бүрдсэн

Хөө шиг хар дотортой зэвсэг хэдэн дээрэмчин

Хөнөөх аюул тарьж гэрт цөрөмсөн үед

Хөөрхий охин гаднаа ирээд чагнаж байжээ

Бор гэрийн туурганд чихээ нааж суухдаа

Босож чадахгүй нугдайгаад чичрэн дагжиж байхдаа

Бороохой шийдэм чирч, буу барьсан яргачдын

Болхи муухай үгийг хагас дутуу сонслоо

“Хүү чинь хаана байна? Далдалж нуусан бол гаргаг

Хүйс тэмтрэнэ дээ муусайн нүгэлтэнг” гэж зандрахад нь

Хүн иддэг махчин нь ирсэн юм бол уу?

Хүүхэд залгидаг мангас нь орсон юм бол уу?

Хэрэв намайг ороод ээжээ өмөөрвөл яах бол...

Хэдэн хэсэг тасдаад идчих болов уу гэж бодоход

Хэрчиж дүүжилдэг бароны тухай аавын нь ярьсан

Хэцүү бэрх үг санаан дунд нь харвалаа

Гэв гэнэт буу пан хийж юм нурлаа.

Гэрт нь түжигнэж, сав суулга хангинаж гарлаа

Гэнэдэж осолдохыг ухаарч мэдсэн Амарзаяа

Гэлмэгдэн садарсаар аргалын цаана нуугдан хэвтлээ.

Удсангүй аюулт амьтад гэрээс нь цувран гараад

Унаа морьдоо тайлан инээлдэн ханиалдан мордоод

Улаан тоос манаруулан хойд уул чиглээд

Уралдаж байгаа юм шиг пижигнэтэл давхиад явчихлаа.

Үнхэлцэг нь хагарах шахсан нялх балчир охин

Үсрэн босоод гэрийнхээ зүг хурдлан гүйлээ.

Үүдээ сөхөөд шагайвал өөхөн дэн сүүмэлзэнэ

Үхлүүт унасан эх нь үг дуугүй хэвтэнэ.

“Ээжээ” гэж чарлаад тэврэн авлаа, үр нь

“Эвий минь” гэж дуугараад нүдээ нээлээ эх нь

Эх охин хоёрын цус, нулимсаар наадсан

Этгээд дайсны хөлд эд хогшил нь сарнижээ.

“Авир, тавнан намайг буудлаа” гээд эх нь

Амьсгаадан аахилаад шархаа даран тарчилж байснаа

“Ааваа иртэл охин минь нуугдаарай” гэж хэлээд

Аньсан нүдээ харалгүй амь тавин өнгөрлөө.

“Ээжээ, ээжээ Ээж минь та босооч” гээд

Эхэр татан уйлаад толгойг нь тэврэн авахад

Эсгэрсэн салхи шороон шамаргаар уйлан чарлаад

Эсгий өрхөөр нь гэрийн тооно бүтээснийг мэдсэнгүй

Эрээгээр барсан дээрэмчинд манайх ингэж нэрвэгдээд

Эхнэр маань алагдаж, охин минь өнчирсөн гээд Батаа гуай

Эргэлдэн гялалзсан алаг нүдээ чавчлан байж

Эмгэнэлт явдлыг дурсаад санаа алдан суулаа.

Амарзаяа минь орон дороо олон цаг хэвтээд

Ам нь цангаад хатаж үхэх шахсан байлаа.

Аяга цай хийгээд охиндоо уулгах байтал

Айлын нохой хуцаад морин төвөргөөн гарлаа шүү.

Охиноо тэврээд буугаа бариад би ч гарлаа.

Олон морьтой хүн хоййноос шуугиад айсуй.

Отож хүлээж байгаад оролдох нь гэдгийг мэдээд

Орон гэрээ орхин яаран мордоод зугтаалаа.

Аавын шударга хүү аавын  шударга хүүдээ

Аргагүй л хайртайй гэдгийг тэр үед мэдлээ.

Аюулд учирсан надад өртөөний  айл маань харин

Аагтай сайн морь өнгснийг тэгэхэд д би мэдлээ

Шандас сайтай хүлэг минь ган туурайгаа гялалзуулж

Шагайн чинээ чулуу тэнгэрт ойлгон үсэргээд

Шазуур зуусан дайсанд амархан гүцэгдэх шинжшгүй.

Шанхан дэлээ хийсгэн харвасан сум шиг явлаа.

Улааны муу нохойг алдаж яасан ч болохгүй

Урдуур нь дайраад бүтэн голтой нь бариарай гэж

 Уулгалж элдсэн дээрэмчид хашхирхыг нь сонсоод би

Урд минь гарах морьтон яваа гэдгийг мэдлээ.

Зайтай айлын дайтай, баруун гар талаас минь

Зантай хурдан морьтой хүн дагаад амдлаа шүү.

-      Задарсан тархи зогс гэж зандран хэлэхэд нь би

Замгаа дарчихсанд хмраараа хааруулдлаа, өнөөх чинь

Хар морьтой хүн сүүлийг нь дэрлээд дараа нь

Хамаг хурдаараа шувуу шиг л гараад ирлээ шүү.

Хадны ёроолд морио гэнэт зогсоогоод би

Харанхуй сүүдрээс бугаад орхисон, үсрээд  явчихлаа.

Хортны гараас сайн морины хүчээр гарч

Хойноос гүйцсэнийг цэцэн бууны тусгалаар сөнөөж

Хоёр биеэ амь мэнд аварч чадаад

Хонгор охиноо таних айлд түр байлгалаа.

Нэгэнт ингэсэн хойно яахав дээ би тэгээд

Нинжин сэтгэлгүй хар яргачинг бүрэн устгахаар

Нэгдэж нийлсэн нөхөлтэйгөө бодол хүчээ хавсарч

Нэгжилт эрэлт хийхээр үлдсэн хэсгийг нь мөрдлөө.

“Өвөл юм чинь дааралгүй яахав” гэгчээр

Өрсөлдөөн болсон хойно ядарч зүдэрч л явлаа.

Өөдгүй санаатай Тавхай тавнанг олох гэж эрээд

Өдөр шөнөгүй хайсан ч надад  дайралдаж өгсөнгүй.

Гартаа барьсан зэвсэг нь сул дорой ч гэсэн

Гадаадын дайсантай холбоо сүлбээ барьсан тэд

Газар нутгаа нүхэлж орогнож бүгэхээсээ эхлээд

Гай зовлон тарихдаа багагүй байлаа бас

Үй түмнийхээ төлөө нас биеэ зориулсан

Үнэнч  шударга хүмүүсийн алдар гавьяанд хорсоод

“ Үхэл зовлон таригчдыг бид бүгдээр зүхэж

Үнэн голынхоо өшөө хорслыг авахаар явлаа.

Бурхан шашин идтэй шидтэй гэж хичнээн ятгавч

Буруу явбал нүгэл хилэнцтэй гэж төчнөөн хатгавч

Булай залинд нь ард түмэн хууртахгүй болохоор

Бузар санаа нь ам хэлээр нь биелэхгүй болохоор

Унасан төрийнхөө унтарсан голомтыг сэргээх гэж

Сөнөсөн нийгмийнхээ сүйрсэн өрхийг сөхөх гэж

Санаа гаргаж саваагүй загнасан хатуу тоглоотон

Сачий нь хүрэхгүй салам цохигдох тавилантай юм

Бүхэл бүтнэрээ “ цэрэглэхээр “ сүр бадруулах ч байтугай

Бүлэг цөмөөрөө сарнисан хэдэн цөөхөн дээрэмчид

Бүтээл нь нурж хар хэргээ илрэхтэй зэрэг

Бүгж нуугдах газраа эрж тэмтрэх болсон юм

“Хөөрсөн гэлэн хөөргөө алдана” гэгчээр

Хөлөө мэдэхгүй онгирч таварсан Авир тавнан

Хөөтэй толгойгоо хавчуулах нүх олж ядаад

Хөнөөлт  хэдтэйгээ хөвчид нуугдсан сураг сонслоо.

Би юү, чи юү гэдэг шийдмэг нэгэн бодол

Бие сэтгэл хоёрыг минь эзлээд авлаа бишүү.

Бэртэгчин чоныг самнах эрэлд нөхөдтэйгөө хамт

Битүү модтой уулан дундуур нэгжсээр л явлаа

Уулын хяр, модны чөлөөгөөр тэмтчин бэдэрсээр

Уруугаа гулсаж, өөдөө өгсөж аахилан зүтгэсээр

Унаа мориноосоо бууж заримдаа бид явгалсаар

Улсад тэрсэлсэн цусан гартныг олоод авлаа шүү.

Эмээлтэй морио хусны дэргэд хантайран сойгоод

Элгэн хадны хажууд утаа май тавиад

Элээ хэрээ сэг дээр цугласан юм шиг

Эгзэгтэй янзаар хачин жигтэй овоорч харагдлаа.

Шархадсан нэг нь үхэхээрээ айлган тэвдүүлсэн юм уу

Шартай нэг нь үгээрээ эвдрэлцсэн юм уу

Шашин бурхны “ид шидтэй баатрууд” ингэж

Шагшин шуугьж байхад нь сэмхэн бүсэлж давшлаа.

Агт морьдыыг нь эзлэхээр хоёр нөхөр минь мяраалаа

Ар өврөөс нь бид бүгдээрээ мөлхлөө.

Арваад метр ойртоод “бос” хашгирлаа.

“Ардынхан” гэж нэг нь хэлээд бусад нь гараа өргөлөө.

Эвлэж босоод сарниж бүгсэн таван дээрэмчинг

Энэ хадны дэргэд ингэж амьдаар нь барихад

Эдний дунд миний учраатай тавнан гуай заларч байлаа

Эрхий хуруунаас нь итгэлтэй унзад нь ч байлаа

Таахай тавнангийн улаан нүүрэн нь шалз түлэгдээд

Тангад унзадын өрөөсөн хацар нь цэврүү үсрээд

Танихын аргагүй болсон ггэмт хар бугууд

Тархин дундуураа цохиулсан үхэр шиг салгалж зогслоо.

-      Партизан Батаа чинь, гишүүн Батаа чинь уулзах гэж

Бартаа саадыг туулан зүтгэсээр бараалхаж ирлээ гэхэд

-      Батаа минь өтөлсөн хойноо хүний эрхэнд оржээ.

Багачууд минь өршөө гээд Авир тавнан уйлагнаж эхэллээ.

-      Хашир чөтгөр,  хүний эрхэнд орсон гэнэ үү.

Хайрт охины минь өнчрүүлж эхнэрийг минь хэн буудсан бэ?

Хасаг  олны хараал ирсэн хар яргачид гэж

Ханан хадыг цуурайттал би хашгирч орилоо.

-      Алсан эзнийг нь би илчильее, Батаа минь

-      Авир тавнан няцаасан шүү дээ, бурхан өршөө гээд

Аймхай унзад бэмбэгнэн хав нохой шиг эрхлэхэд нь

Амин гол руу нь сум хийчихмээр санагдаж байлаа

Тахал тарьсан махчнуудыг дор нь алчихмаар санагдавч

Тангараг салхилгатаа хүний ёсоор захирагдаад дэмий л

-      Тавнангийн толгойг миний өмнө гараараа авбал

Тамын нүхэнд энэ удаа би чамайг хаяхгүй.

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны

Энэрэл хайр ач тусын төлөө гээд

Эрхи эргүүлж маань уншдаг унзад лам чинь

Эцэс сүүлдээ биелдэг чөтгөр өөрөө болоод

Буу үүрч, хутга зүүсэн таахай тавнантай

Бузар булай хар санаагаа холбон байж

Буян хийхийн одонд нүгэл хилэнц тарьж

Буруу бодол өвөрлөдөг болсон бий гэлээ.

Тангад унзад инээх янзтай нүүрээ үрчийлгээд

Таахай бид хоёрыг ээлжлэн харж байснаа

Тарлан толгойгоо илээд “нээрэн үү” гээд сэргэхэд нь

Тамтаг болтол нүдчихмээр санагдаж билээ, нохойг

Унаж сөнөсөн эрх ямбаа эргүүлэн авахаар

Улай удаж хэрэг гаргасан хэдэн яргачид

Утсан чинээ амьныхаа төлөө бие биесээ

Улаан цайм барьж идэх нь байдаг шүү.

Үхэр барлагуудыг нүүрээ яагаад түлснийг асуувал

Үйсэн саванд цай хорхоглохоор халуун чулуу хийгээд

Үйлсгүй моньднууд устай саваа дэлбэлж

Үхэх шахаад шавааралдаж байсан нь тэр байжээ.

Эхнэрийнхээ өшөөг дайснаас ингэж аваад

Энэ чигээрээ цэргийн албанд хүчин зүтгэж

Эр цэргийн саарал шинель, сайхан талхны

Эзэн нь болсоор жаран насны сүүдэрт дөхлөө.

Аятайхан царайлаг махлаг биетэй нарийхан дуутай...

Аръяа минь яг л энэ зураг шигээ сайхан байлаа гээд

Амь үрэгдсэн авааль гэргийгээ дурсаад, Батаа гуай

Алаг нүдээ цавчлан соёо сахлаа имэрлээ.

 Цэрэг ноогдлын цамцаа цэвэрхэн өмсөөд

Цэлгэр тунгалаг хрцаараа алс дээгүүр ширтэж

Цэх шулуун зогссон цэл залуу охины

Цээж зураг бидний өмнө инээмсэглэж гарлаа.

Төрийн маань баганыг хугалах гэж шүд зуусан

Түйвээн дэгдээх дотоодын самуун цохигдож байлаа ч

Төрөлх нутгийн маань түмэн баялагт шүлс залгисан

Түрэмгий дайсны шунал занал хэвээрээ байлаа.

Тэртээ өнгөрсөн гучин есөн оны хавар

Тэр занал, эх орны минь зүүн хязгаарт тулгарлаа.

Тэдний өөдөөс тулалдан эрх  чөлөөгөө хамгаалах

Тэмцлийн гал Халх голд дүрэлзэн аслаа.

Газар нутгийн минь гишгэж, зол заяаг нь  цөлмөхөөр

Гараа сарвайж, хөл тавьсан самуурай японыг

Гай гамшигтай нь авслах нэр төрийн албанд

Гайхамшигт орныхоо дуудлагаар Батаа ч мордлоо

Холын холоос хас тэмдэгтэй тугаа хийсгэж

Ховдог сэтгэлээ “сайхан” хүслээр хөдөлгөж ирсэн

Хорхой шавьж шиг харийн “царцаан нүүдэл” сөрж

Хорин нэгэн оных шигээ Батаа маань тулалдлаа

Ганган хувцастай, дэгжин сахалтай япон генералууд

Газрын зургаас Монгол орныг харандаагаар чичиж

Гархилсан хүрээтэй саравч зүүсэн онигор нүдэндээ

Гадаад Монголын баялагийг дүрслэн суусан үед

Ази тив Номхон длайн хувь заяа

Аугаа  их “Наран” улсын гарт байх ёстой

Алтан дэлхий ч бидний хөлд гишгэгдэх ёстой гэж

Атигар мангасууд хашгиралдаж байсан тэр цагт

Хасаан нуурт хугарсан ясаа бороолоогүй байхад

Халх голд дайны “хичээлээ давтан туршихаар”

Хаан эзнийхээ зарлигийг хүлээсэн “ямаан баатрууд”

Хамраа шантайлган хундага өргөн ярвайж байхад

Монгол улс нүдээ анин унтаж байгаагүй

Монгол улс чихээ даран хэвтэж байгаагүй.

Монгойн хэл гялалзаж байхыг нь харж байсан.

Мулгуу загнан хэлэлцэж байхыг нь сонсож байсан.

Анд нөхрийнхөө аварга өвдгийг түшин найдаж

Арвин хөгжлийнхөө навч цэцгийг ургуулж байлаа.

Ард түмэн маань нам засгаа хүрээлэн нягтарч

Арми-цэргийнхээ сүр хүчийг бэхжүүлж  байлаа.

Холбож бичих найргийнхаа гол шугамаас тойрч

Хоосон ерөнхий үгээр лекц уншихаа больё

Хороо цэрэг командалж хошууч явсан Батаагийн

Хойшид юу ярихыг та нартаа сонсгоё.

Халх гол Баянцагаан, Хамар даваанд Хайлааст гол,

Талын манхан, Бүрдэн овоонд

“Хас” тэмдэгтэнг цохисон манай цэргийн алдрыг

Хамаг олноороо магтан дуулдаг нь учиртай юм шүү.

Охины минь зургийг өмнөө бариад ма харж байна.

Орчлонд энэ маань богинохон нас хүртсэн юм даа.

Олон явдлыг бүхэл бүтнээр нь тооцсон орвол

Онцгой заримаас түүж ярьсан нь дээр биз дээ.

Амарзаяа минь Хөөрхий минь даанч нялхаараа

Арван   зургаахан зунаа дөнгөж үзэж байхдаа

Ариун үнэний төлөө шугам шиг шулуун зүтгэсээр

Атаатны суманд алтан амиа үрсэн юм даа.

“Таны охин золбоолог, манай хүү жавхаалаг...

Та бид хоёр үр хүүхдээ нь

Таатай тохитой айл гэр болгоно байгаа” гэж

Танил нөхөр минь надад сануулдаг байж билээ.

“Хоёр хүүхэд минь золтой жаргалтай аж төрөөд

Хонгор сайхан үрсийн аав ижий болоход нь

Хоёулаа өлгийтэйг нь ээлжлэн тэвэрнэ” гэж би

Хошигнон байж үнэнээсээ ярьдаг байж билээ.

Эрт цагтсан бол бид хоёр аль хэдийн

Эв зүйгээрээ сүй бэлэг тавьчих байлаа.

Энэ үед тэгдэггүй боловч хэрэг бүтэж

Эрхбиш бэлэгт үгээ биелнэ гэж итгэдэг байлаа

Би ч яахав дээ эцэг хүний халуун харцаар

Битүүдээ охиныхоо өсөлтийг сэтгэл тэнүүн ажаад

Бие нь бэхлэг, санаа нь эвлэгт дотроо баярлаж

Бишгүй л “их юм” бэлтгэж төхөөрдөг байлаа.

Өнчин хоцорсон ганц охин болоод ч тэр үү

Өнгө царай бие сэтгл үйл үртэс нь хүртэл

Өө эрэх сэв сэлтэс байхгүй сайн сайхнаараа

Өөр айлын охидоос хамаагүй содон харагддагсан.

Элэг эмтрэм харамсалтай нь гэвэл хайрт охиныг минь

Элбэг баян хүнийг бүүвэйн дуу аялахаас нь өрсөж

Эрлэг дайсны зэрлэг сум хөнөөсөн юм даа.

Байлдаан тулааны тугалган мөндөр галт үертэй

Байгаль хүртэл жөтөөрхөх адил бороо асгаад

Баян цагаан Халх голд тэр жил ер нь

Барагдашгүй арвин устай зун болж билээ.

Ардын хувьсгал монгол оронд ялж мандсаны

Арван найман жилийн түүхт ойн өмнөхөн юмсан.

Агаар тэнгэр шүүрэн шанага шиг усаар садарсан

Аюул нөмөрсөн шөнө дундын өмнөхөн юмсан.

Хорт чоно бороо дагаж хонинд гэтэл адил

Ховдог самурай хурын дундуур шурган давшиж

Хороо цэргийг минь дайсны анги бүслэн хаагаад

 Холбоо гэмтээж дивизийн штабаас тасалж амжлаа.

“Дайсан бүслэв, шугам тасарлаа” гэдэг мэдээг

Дарга сонсоод ямар шийдвэр гаргах вэ,

Дайны талбарт хороо цэргийн амь амьсгалыг

Даллан шидсэн дүүгүүрийн чулуу шиг орхих хэрэг үү

Үгүй тэгэхгүй аргалах л хэрэгтэй, авалцах л хэрэгтэй

Үхсэн ч сэхсэн ч хар толгой гудайж буухгүй.

Үнэнч тангаргаа ийм цагт биелүүүлэх хэрэгтэй

Японы гарт тас хэрчүүлсэн утасны үзүүрийг

Ямарч байсан түргэн зуур залгаж нийлүүлж

Яагаад ч тэр дивизийн штабтай харилцаа барих

Яаралтай тушаал дайчин нөхөддөө би гаргалаа.

Цул бүтэн хороо цэргийн хувь заяаг

Чухам яахыг нь цэгнэж шийдэх энэ хэрэгт

Цогтоой золбоотой аав ижийн хөвүүд охидоосоо

Цохлон нэрлэж хэн хэнийг явуулахаа бодлоо.

Амьдрал насаа зориулсан алдарт хорооны эгнээнд

Арван зургаа хүртэл нь охиноо дагуулан явж

Армийн холбоочин болгоосны ач нь юу билээ дээ хө

“Амарзаяаг дууд” гэж шуудхан би тушаалаа.

Уул талын гөрөөс шиг сэргэлэн бор охин минь

Усан бороонд хархан гэзгээ норгон  хийсгэсээр

Удаж төдсөн ч үгүй миний  байранд ирээд

Урдаас минь эхцэлж ямар ч эрээс дутуугүй

“Хороон дарга хошууч таны  дуудсан ёсоор

Холбоочин байлдагч Амарзаяа ирлээ” гээд

Хоёр хөлөө түшин, гараа өргөн ёслоод

Хонгор нарийхан дуугаа хангинуулан зогсож билээ.

Эргэлдэж гялалзсан цолмон хоёр алаг нүдий нь

Энэхэн хормонд эцгийн харцаар дахин ширтлээ.

Энэрэнгүй охины минь дөл нь болсон нүд байлаа.

Эхийнхээ нүүрээс уламжилж үлдээсэн нүд байлаа.

Эцэг хүн хүүхдээ дуудсаны учир нь юу билээ.

Эрэлхэг цэргээ дарга дуудсаны утга нь юу билээ.

Эх орныхоо хууль болсон тушаалаа өгөхөөр

“аав ээжийн эрх охин байсан бол чи

Ард түмний эрэлхэг охин боллоо өнөөдөр

Амь настай холбогдсон алдар гавьяаны төлөө

Айхтар ширүүн аюулд чамайг явууллах гэж байна

Эгэл жирийн өнчин охин биш боллоо чи

Эрхэлж тоглож байдаг нас чинь хэдийн өнгөрчээ

Эрэлхэг чадлаа эх орондоо үзүүлэх боллоо

Аав нь хүүхдэдээ, дарга нь цэрэгтээ тушааж байна

Ардын намын гишүүн, эвлэлийн гишүүнд тушааж байна.

Амь алдсан эхийн чинь гэрээс чамд тушааж байна.

Анд олон нөхдийн чинь итгэл бас тушааж байна.

Дайсан этгээд манай холбоог тасалж орхилоо.

Дав даруй гэмтлий нь илрүүлж түргэн залга,

Дайчин цэргийн тангаргаа хайрлан сахиарай охин минь

Даргынхаа өгсөн тушаалыг хатуу санаарай чи минь.

Миний хэлж байгаа байлдааны тушаалыг чи

“Мэдэв үү ” гэж намайг асуухад охин минь

“Мэдлээ даргаа” гэж огцом чанга хэлээд

Миний тушаалыг тангаргийн үг шиг давтаж билээ.

Тасаг  цэргийн хамт охин минь ингээд явлаа.

Тас харанхуй шөнө үхэл өөд ингээд мөлхлөө.

Тавтай тухтай ярьж хөөрч ч амжаагүй юм.

Тайван цаг биш дээ дайны үед тэгдэг л юм

Эрэлхэг зоригт охиныхоо баатарлаг намтрын тухай

Эцгийн нь ярьсан үг бүхнийг сонссоныхоо хувиар

Эвлүүлж байгаа найрагтаа тайлбар болгон бичиж

Эрхэм уншигч та нарын алтан сонорт хүргэе

Эргэн тойрон их буугийн сум дэлбэрч

Энд тэнд винтов пулемётын дуу тачигнаж

Эрчит сум урд урдаасаа исгэрэн улина

Элсэн манхан хөлөөс зуураад хойш чангаана

Тасаг цэрэг  гүйхдээ гүйж, мөлхөхдөө мөлхөсөөр

Тас харанхуйн дундуур шурган давшин ахилаа

Тасарсан утсаа холбоочин хүүхэн тэмтрэн үзсээр

Таг чимээгүй амьсгаа даран шалган ажлаа

“Хол хол” гэж үе үехэн давтан хэлж

Хойдох ангидаа товчхон мэдээ хүргэсээр явна.

“Хол” гэдэг ганц үгийн нууц нь

Холбооны гэмтэл олоогүй байгаагийн дохио байлаа

“Яваад л байгаарай байлдагч минь,  яваад л байгаарай

Яаралтай олж түргэн засаарай,  түргэн засаарай” гэж

Яруухан тод дуугаар хошууч дахин тушаагаад

Ядарсан биенд нь хүч сэлбэн өгч байлаа

Эх нутгийн минь тэнгэр үүлээ хөөж

Элбэг устай бороо зогсоох тийшээ хандавч

Эрэлхэг зүрхт арван гурван байлдагч явсаар...

Эвдэрч тасарсаар утасны гэмтэл эрж хайсаар л...

“хол хол” гэж Амарзаяа шивнэсээр л явна

Ол, залга” гэж аав нь, дарга нь тушаасаар л байна.

Хоромхон зуур ч сааталгүй манайхаар давшсаар л явна,

Холбоочин хүүхэн хөвөрсөн утсаа барьсаар л дагана

Тасарсан утсаа хөөж мөрдсөн хорооны охин

Тасгийн даргад олсон тухай мэдээ өгөөд

Дараа нь тэгээд “Туул туул” гэж баяртай хэлээд

Даруйхан хэвтээд залгах ажилдаа шамдан орлоо.

Дайн дажин ээлж дугараатай л байдаг хойно

Дайсны хүч эрэлчдийг отож нуугдсан хойно 

“Дайр” гэсэн офицерынхоо дохиогоор япон цэргүүд

Давшиж хүрсэн манай тасагт халдан ирлээ.

Гал манарч буу дуугаран сум шүнгэнэлээ.

Галзуу самурай дуу тавин шуугьж гарлаа.

Гардан тулаанд манай тасаг сөрөн орлоо.

Гай тохиолдсоныг холбоочин эмэгтэй штабтаа мэдэгдлээ

Хэрчиж огтолсон утасны хажуу талын хонхорт

Хэвтэж отсон “наран” улсын найман “баатар”-ыг

Гэтэлж очсон арван хоёр монгол цэрэг

Хэдхэн минут ширүүн тулалдаан хийж зад цохилоо

Салсан утсаа цөөхөн хормонд залгаж амжаад

Самурайн суманд эрүүл цээжээ нэвт буудуулаад

Саруул тунгалаг магнайгаараа хүйтэн хөрс дэрлэсэн ч

Сайхан ялалтаа хошуучийн чихэнд сонсгож чадсан гэнэ.

Хоёр шархдаж, хоёр нь алагдсан боловч манайхан

Хорон санаатны дөрвийг нь нухаж, дөрвийг нь барихад

Холбоочин охин утсаа залгаж тангаргаа биелүүлээд

Хотол олныхоо ариун цөгцөнд цусаа өргөсөн гэнэ.

Анги нэгдлийнхээ тархи нь  болсон дивизийн командлагчтай

Аавынхаа амин зүрх болсон хорооныхоо штабыг

Арми цэргийн судас болсон холбоогоороо залгаж

Амарзаяа маань биеэрээ хэл болж өгсөн юм даа.

Бат итгэлт нөхөд минь дайсны отуулыг ниргэж

Багагүй хохирол хүлээж миний тушаал биелүүлээд

Барьсан олзоо тууж ирсэн мөчөөс эхлээд

Байлдан ялах арга манай талд шилжлээ.

Амь алдсан охины минь залгаж өгсөн холбоог

Ахиад тасдах зав самурайн гарт олдсонгүй.

Аймшиггүй зоригтны авчирсан амьд дөрвөн хэл

Ангийнхаа байдал, нууц бүхнийг бидэнд тоочлоо.

Дайсны тухай олзны өчиг, тангнуулынхаа мэдээ

Дайчин хорооныхоо тухай дивиздээ үргэлж илтгэж

Давхар бүслэлтийг дотроос нь бид үймүүлэн дайрахад

Дал мөр рүү нь бусад хороод цохилбор төлөвлөлөө.

Сургагч бид хоёр сэтлэх дайралтаа эхлэхээр

Суман дарга нараа дуудаж зорилго үүргээ таниуллаа.

“Сул талаар манай хороо сэт цохин гарна.

Шууд араас нь нэмэгдэл хүч довтлон ирнэ.

Шумуул шунгинаж, ялаа янганах үеэр бид

Шунахай ноходын сайран хоншоорыг буруу харуулна.

Шулмасууд адта шүү сонор соргог байцгаа.

Шуурхай хөдөлгөөн мэргэн самбаа бидэнд хэрэгтэй.

Агт морьд, буу зэвсэг биеийнхээ бэлтгэлийг

Айхтар сайн хангаж дайралтанд бэлтгэ гэж

Антоненко бид хоёр байлдааныхаа тушаал өглөө

Анги хороо минь ч ер нь бэлэн зэлмэн байлаа.

Якоб Антоненко мөн ч сайн сургагч байж билээ

Ямар ч Монголоос дутуугүй моринд гарамгай эрсэн

“ялаа янгинаж, шумуул шунгинах” үеэр бид

“Японы хамрыг дотогш нь хийнэ” гэж алиалдаг сан.

Биеийн тамирт жигтэйхэн сайн мэргэн буудагч

Белорусс нутагт аав ижий минь бий гэдэгсэн

Фашист германтай тулалдаж нас барсан сурагтай гээд

Батаа гуай нөхрөө дурсан соёо сахлаа имэрлээ.

Ахмад партизаны үг яриаг сонсож суухад

Ардын цэргийн дайчдын дуурсамжийг уншиж байхад

Алдар гавьяа нэр төрийнхөө оршил магнайд нь

“Ах нарынхаа” тухай заавал дурдсан байдаг.

Орос, Украин, Армен, Татар, Халимаг

Олон янзын овог нэрийг хэлсэн, бичсэн байдаг нь

Онцгой найрамдлын элэг зүрхний холбоо юм.

Ололт ялалтын билэг дэмбэрлийн тэмдэг юм.

Хүн төрөлхтний нинжин сэтгэлийн дөл нь болсон

Хүчирхэг халуун тэмцлийн сүлд нь, туг нь болсон

Хүндэт мэргэн багш их Ленинээ монголчууд

Хүсэл хайрынхаа дууны дээж болгон өргөдөөг

Яруу алдарт Щетинкин жанжны нэрийг сонсохдоо

Яргачинд алагдсан Немой докторын ачийг санахдаа

Яковлев баатрын танкт хөшөөний өмнө очихдоо

Ямар ч цагт малгайгаа аван хүндлэн ёсолдоог.

Зөрүү зан гаргаж ярих сэдвээсээ халтираад

Зөндөө үг нуршиж та нарыг чилээх нь бололтой.

Зөвлөлт улс Ленин багшийнхаа ач тусыг

Зөв үнэнээр бичвэл бас ч шүлэгчийн жаргалаа.

-      Зуны шөнө богино юм чинь юу байхав дээ

Зурвас цагаан гэгээ дорно зүгээс туяарлаа.

“Зулайгаа цоолтол ноцолдох” цаг тулаад ирлээ

Зууралдсан их байлдаанд хороо минь ч хөдлөх боллоо.

Эвхэрч бээрсэн шумуул наранд сэргэх адил

Этгээд дайснууд нам гүм баснаа өндийлөө.

Элсэн манхны завсар цагаан дарцгаа хийсгээд

Энд тэндгүй шоволзон манай руу гал нээлээ.

Урагш тэмүүлсэн дайсны бөөгнөж хурсан духанд нь

Ул бутарсан галт шуургаар бид хариуллаа.

Улайрсан самурай суман мөндөрт ээрэгдэн саатаж

Ум хумгүй тэр дороо таран хэвтлээ.

Зэвхий онгоц тэнгэрийн булангаар шурган нисэж

Зэл татсан хөшгөн утаа тавьж орхилоо.

Зэлүүд хээрийн зурвас бүрхсэн утаа дагаад

Зэрлэг дайсан ухаан жолоогүй давшин гүйлдлээ

Мэдээжийн хэрэг манай цэрэг ядарч байсан ч

Мэхтэй дайсныг цохин чадах хүчиндээ итгэсэн

Мятаршгүй зориг шантаршгүй золбоо нь гялалзан бардаад

Миний зүрхэнд хичнээн чадал сэлбэсэн гэж санана

Мондинууд чинь түрэх нь ээ гэж сургагч хэллээ.

“Мориндоо” гэж би ч өндөр дуугаар камондаллаа

Монгол цэргийн бүхэл хороо ганцхан камондаар

Морьдынхоо нуруун дээр агшин зуур гардлаа.

Хайгуул туршуулынхаа итгэлтэй тэдээгээр сонгож авсан

Харийн дайсны тойрсон бүслэлтийн нь нимгэн өнцөг рүү

Хамгийн түрүүн Антоненко бид хоёр хошуучлаад

Халуун хошуут агтныхаа хатан амыг заллаа.

Эр цэргийн цааз хууль шиг шулууэ шийдвэр

Ээлжит мөчдөө баталж биелдэг номтой учир

Энэ үеэр нэмэгдэл хүч дивизээс ирж

Эрэлхэг түрэмгийн ууц нурууг дэлсэж эхэллээ.

Ардын цэргийн морин хороог зажлалгүй залгина гэж

Алд ангайсан сагсуу самурайн сүр хүч

Араас мөрдөж бидний хойноос хөөх нь байтугай

Аянга буусан мод шиг салам болтлоо сарнилаа.

Гэнэдүүлж дайрсан нөгөө хүч маань, омог ихтний

Гэдэс ходоод руу галлан далай юүлэн цутгалаа.

Гэмт этгээдийг дайрах зохион байгуулалтаа бид хийгээд

Гэдрэг эргээд дахин атарлаж, дайсныг сүйрүүлэв.

Сүрхий сайхан ялалтааингэж бас давтаад

Шөнө алагдсан хүү охин хоёрынхоо өшөөний төлөө

Сүржин дайснаас хариугаа мөн ч сайн авсан даа гээд

Шүүрс алдаад Батаа гуай соёо сахлаа имэрлээ.

Үргэлжлэн ярьсаар хэл нь жаахан цуцаа биз

Үглэн хүүрнэсээр ам нь баахан цангаа биз

Өмнөх аягандаа уай хийж тайван оочилсоор

Өөр зуураа хэсэг амарснаа дахиад ярилаа.

-За яахав дээ би ч хороо цэргээ командалсаар л

Зандалчин дээрэмчдийг, зэвсгийн хүчээр нүдэж байлаа.

Зарим үед цангаж ядрахын туйл үзэвч

Залуу нөхдийнхөө шуугианд дорхноомартдаг байлаа.

Таван сарын эхнээс найман сарыг дуустал

Талын манхан Баянцагаанд манай хороо

Тахал чирсэн урилгагүй зочинтой байлдаан хийж

Тайлан тооцоогоо тэдэнтэй дүгнэх хүртлээ байлаа

Дайчин эрсийн фронтын амьдрал тун сонин шүү

Дарга байлдагч хэн хэн нь ах дүү шиг нөхөрлөж

Дайсны өөдөөс амь нэгтэй тулдаг байлаа.

Талхны өөдөс ам нэгтэй хуваадаг байлаа.

Аюул бэрхт зүдэргээ хамт амсаж

Айван тайванд жаргал баяраа хамт эдэлж

Аймаг сум хангай  говьд хол ч гэлээ

Аав ижийн ихэр хүүхэд шиг амьдарч явлаа.

Ган болд зоригоор бат нэгдлээ хангасан

Гал халуун сэтгэлтэй ард талаасаа хангагдсан

Ганхаж хөдөлшгүй хүчирхэг ардын цэргийн жагсаалыг

Гань галзуу дайчинд хичнээн мэрийгээд задлаагүй

Манай хороо зөвлөлтийн хороотой хүч хавсарч

Манхан элсний дунд самурайн ангийг бүслэнгүүт

Маш шаргуу дайрч гялалзсан ялалт хийгээд

Машинд татуулсан мах шиг, дайсны хороог сүйрүүлэв.

Агт морьдын төвөргөөн пижигнэсэн ширүүн атакаар

Аварга техникийн мотор нижигнэсэн хурц түрэлтээр

Ам бардан харийн довтлогчийг элсэнд хутгаад

Амьсгаа аван түр амралтаа хийж байлаа.

“Ардын цэргийн байлдагч эмэгтэйд” гэсэн хаягтай

Ам дөрвөлжин цагаан ямбуу ууттай бэлэг

Антоненко нөхөр минь барьсаар миний дэргэд ирээд:

“Амарзаяагаа амьд учраас чамд авчирлаа” гэв.

-Тийм ээ охин минь нээрэн амьд даа гээд би

Тэр бэлгийг гардан аваад задалж үзлээ.

Тэг дөрвөлжилж эвхсэн захиа бичгийн хамт

Тэвхийтэл боосон ааруул хурууд гарч ирлээ.

Хамгийн урдаар захидлыг нь би дэлгэж уншлаа.

Хар балтай харандаагаар их л хичээнгүй бичжээ.

Хайр сэтгэлийн гүн ёроолоос ундарсан гаралтай

Халуун дотно үгийг нь би ердөө мартдаггүй.

“Эмэгтэй би эмэгтэй танд зориулан бичлээ.

Энэ захидлыг минь хүлээж авсан та надаас

Эгч ч байлаа гэсэн, дүү ч байлаа гэсэн

Эхнээс нь аваад дуустал уншихыг хүсье.

Сэрүүхэн шөнө хориглож хэвтсэн нувчинд ч юм уу

Ширмэн бөмбөг дэлбэрсэн өдрийн тулалдаанд ч юм уу

Шижигнэсэн алхалтаар хөл нийлүүлсэн жагсаалд ч юм уу

Шинэхэн захидал минь таны зүг нисэн очно байх

Эгэл жирийн монгол бүсгүйн сэтгэл шингэж

Элэг зүрхний эрхэм ерөөл бүрдсэн захидал шүү.

Эрэлхэг алдрын чинь сүр гавьяаг магтан дуулсан

Эх хүний зөөлөн гараар бүтсэн захидал шүү.

Хорин дөрөвтэй намайг тайван амьдрахын төлөө

Хоёр хөөрхөн хүүхдийг минь тавтай өсөхийн төлөө

Хотол баян нутгийнхаа зол заяаны төлөө

Хортны өөдөөс байлдаж явааг чинь би мэднээ.

Баатар дайчин та нартай түмэн ардын чинь сэтгэл

Байлдааны өргөн талбарт хамт тэмцэж байна.

Байгуулан бүтээгч ажилчин малчны хөдөлмөр бүтээл

Балмадыг цохисон та нарын ялалттай нийлэж байна.

Бадрангуй олныхоо үгэнд нэмэр болгосон захидлаа

Бат сайхан ялалтанд чинь хандив болгосон бэлгээ

Байлдагч танд явуулсан залуу эх би

Баяртай учрахын түмэн ерөөлөө дэвүүлэн барьяа

Дайснаа дарж дархан цолоо олоорой та

Даяар дурсагдах дайчин алдраа мандуулаарай та

Дааж авсан ажлын дүнгээ би ундруулъяа

Дараа баяртай, дахин баяртай учиран золгоё

Алс эндээс амар мэндийг чинь эрэхийн  далимаар

Ажил тэмцлээрээ эгч  дүү болохыг хүссэн

Алтанбулагийн жирийн ажилчин Дулмаа” гэж

Адаг сүүлд нь нэр хаягаа бичсэн байлаа.

Хөх тугалган хэлээр цуст завьжаа долоосон

Хөнөөлт дайны шүдэнд хөөрхий охин минь өртөөд

Хүйтэн булшинд хөрсөн биеэ битүү хучаад

Хүнд нойронд үүрд дарагдан хэвтэж байхад нь

Ардын хувьсгалын ууган өлгий Алтанбулагаас

Ариун журамт ажилчин бүсгүйн бичсэн захидал

Асан дүрэлзсэн Дорнод талд хүрэлцэн очсон нь

Ай даа мөн ч арилшгүй харамсал болж үлдсэн  дээ.

Гэлээ ч гэсэн алаг үр, хонгор охин минь

Гэгээн үнэний гавьяагаар жигүүрлэн дэвж

Гийгүүлж мандсан нарны туяанд тормолзон инээж

Гэрэлт манай үед мөнх амьдарсаар байна.

“Ардын цэргийн түүхэнд алдар гавьяагаа үлдээж

Аав ээжийнхээ нэрийг хадгалж чадсан охин” гэж

Антоненко минь дандаа ярьдагсан гээд Батаа гуай

Алаг нүдээ цавчлан соёо сахлаа имэрлээ.

Бүх цэргийн жанжин маршал Чойбалсантай цуг

Бүлээн халуун гараа чанга атгалан зогсоод

Бөөн бургасны дэргэд авахуулсан Батаагийн зураг

Бөх гэгч нь наалдсан нэг хуудас эргэлээ.

Маршал жанжин  Чойбалсан маань өнөөдөр

Манай ангид ирэх нь гэж сонсоод бид ч

Магнай хагартлаа баярлаж хөл хөгжөөн болоод

Манайхан чинь харин нэг язганаж гарлаа

Байлдагч хүний гоёл ч бас л их ажилтай шүү

Байлдааны тоосоо цэвэрлэж , үс хувцсаа янзлаад

Барьсан зэвсэг унасан морьдоо хүртэл арчаад л

Бахдаж ядталаа баяр хөөр болж байлаа.

Би ч яахав дээ хороо цэрэгтэй адил баярлаад л

Бэрх цагт хань нөхөр минь болж явсан

Биеэсээ салгадаггүй сахиус шиг нандигнан хадгалсан

Бирдаан ауугаа маршалдаа үзүүлэхээр зүлгэж гоёлоо.

Хүлээж байсан цаг мөч ч айл буучихлаа.

Хүссэлдээ хайртай удирдагч маань ч хүрээд ирлээ.

Хүүхэд эцгээ, эцэг нь хүүхдээ тосох адил

Хүнтэй хөгжилтэй учир утга ч бүрдлээ тэгэхэд

Манай хорооны штабын хээр задгай байранд

 Маршал  Чойбалсан бидэнтэй жирийн сайхан ярилцахдаа

Малгайгаа аваад толгойгоо арчдаг өнөө л зангаараа

Магнайгаа хөдөлгөн эелдэг тайван инээмсэглэж байснаа:

-      Барьж байгаа урт хар бууг чинь харахад

Партизан цэргийн хуучин намтар санагдаад байх чинь...

Батаа чи залуу насныхаа зэвсэгтэй явна уу даа гэж

Баясангуй ёжтой хэлээд маршал минь инээж билээ.

-      Тийм ээ Маршалаа, Таны өгсөн буу шүү дээ.

Тээр жил арван нэгэн онд цагаантныг цохисон буу

Тэрслүү дайсныг хорин хоёр онд даралцсан буу

Тэгээд би дурсгал  болгон дэргэдээ байлгадаг гэлээ.

-      Хүн хүнд нэг содон зан байдгийн адил

Хүндэлж хайрладаг онцлог зүйл байх  юм даа.

Хүсэлдээ дуртай юмаа хэн ч гэсэн ер нь

Хүнд хэцүү үед авч явах юм даа.

Их буугаар зэвсэглэсэн цагаантныг мориор хөөхдөө

Ирт мэс зүүсэн гаминг гараар дэлсэхдээ

Ийм буугаар партизан бид эрх чөлөөгөө

Итгэл зүтгэлээрээ олсон юм даа хүүхэд минь

Одоо бол цагаас хамаагүй илүү

Орчин үеийн шинэ зэвсгээр бүрэн хуяглажээ.

Оросын цэрэг хоёр дахь удаагаа маньд тусалж

Ороолон чөтгөрийг орчлон дэлхийгээс тонилгож байна.

Газар оронд минь дэвсэлж халдсан харийн дайсан

Гараа хөдөлгөсөн махан мануухай биш юм шүү.

Квантуны арми гэж Азид алдартай дайнчид шүү.

Камацувара генерал чинь гайгүй зальтай чоно шүү.

Сэтгэлийн амарлингуй бод мөнхийн муу ёр

Сэрэмж сонор бол их буунаас дутуугүй хэрэгтэй

Сэргэлэн цогтой ялалт дийлэлтэндээ санаа тайвширч

Сээхэлзүүр дайсанд сэхээ самбаа битгий өг.

Манай ялалтыг дэлхий даар сонсож байна

Малчин ард чинь та нартаа тусалж байна гээд л

 Маршал жанжин  Чойбалсан цэрэг эрст хандаж

Маш үнэтэй сургаал зөвлөн ярьж өглөө.

Эх орныхоо ариун дуудлаганд хариу болгож

Эцэг Чойбалсангийнхаа үгийг үирхэгчлэн биелүүлж

Эзэрхэг гүрний түрэмгий армийг бут цохин сөнөөлгөж

Эрх жаргалаа ардын цэрэг минь хадгалсан юм даа.

Ялж мандсан шинэ монголыг тасдаж идэхээр

Ямба ихт эзэн хааны яргачин сүргүүд

Яйртлаа цохиулж сүйртлээ сөнөөд сүүлдээ бууж

Ялзарсан хүүрээ яаран үүрээ шилээ арууллаа.

Дайн дунд хороо командлана гэдэг яггүй шүү.

Дарга цэрэг сургагч нөхдинхөө дайчин дэмжлэгээр

Дайснаа дарж дархан цолоо ингэж олсон доо гээд

Даруу зантай Батаа гуай соёо сахлаа имэрлээ.

Амьд сайхан баатрын маань үнэн түүх болсон

Альбомныхоо хуудсыг ахиад л эргүүлж үзлээ.

Амьдрал тэмцлийн гэрэлт толь болсон зургууд

Алаг хоёр нүдний минь өмнө амилсаар л байлаа.

Үе тэнгийн нуруутай орос монгол хоёр

Үнсэлцэн тэврэлдээд даруулсан сонины зураг туслаа

Үйлийн үргүй нэг нь Батаа байхыг танилаа

Үнэнээ хэлэхэд нөгөө нь хэн болохыг таасангүй.

-      Эх дэлхийн хэмжээ арвин өргөн болоод

Эр хүний замын хүзүү урт гэдэг гээд

Энэ хүнтэй Жанчхүүгийн давааны ард Батаа гуай

Эсэн мэнд дахиад уулзсанаа надад ярилаа.

-      Дээрмийн дайнаас үлдэж хоцорсон эцсийн голомт

Дээрэнгүй харгис самурайн цэргийг сөнөөн дарж

Дэлхий дахинд энхийг тогтоох ариун дайнд

Дивизийн дарга хурандаа цолтой явлаа би.

Навч цэцгээ дэлгэсэн үзэмжжит дэлхий дээгүүр

Нарийн хураа асгасан үүлт тэнгэрийн доогуур

Намрын сайхан найртай хонгор цагаар бид

Найман сарын эхэнд чөлөөлөх дайнд мордлоо.

Байгалийн өмнөх фронтын дайчин бүрэлдэхүүнд орж

Баруун жигүүрийн эгнээнд нь манай дивиз багталцаж Байлдаан тулааны урт замыг аялан хороохдоо

Багагүй их бэрхшээлийг үзэн өнгөрүүлж явлаа.

Ханагар өргөн орныхоо их хэргийн төлөө

Харийн дайснаас халуун элэгтнээ аврахын төлөө

Хад асга дамжиж, ус мөрөн гаталж

Хар шавар шигдэж элсэнд ч сууж байлаа.

Байлдааны үед дайсантай тулахаас ер нь дутуугүй

Байгалийн саадыг ялах хүнд шалгалт ирдэг юм.

Баатар зоригт Монгол Зөвлөлтийн цэрэг эрс

Бартаа бэрхийг дайсантай нь хамт ялж чадсан юм.

Арван зуун километрийг тэсвэртэй туулан давшиж

Аюул дайсны бэхлэлт байрыг хиар цохиж

Ах дүү Өвөр монголоо авран чөлөөлөх

Ариун дайныг нэр төртэй дуусгасан үед юмсан.

Гитлерийн Герман ичээндээ хүртэл цохигдсоны дараа

Гэмт хэргийн нэг эзэн самурайн ээлж болж

Гэгээн үнэний толинд хар хэрэг нь тодорч

Гэрэлт нарны доор сөхөрч унасан үед юмсан.

Эрт ч орой ч, бага ч алив юм

Эхэлсэн байвал дуусдаг эрхэм нарийн хуультай

Эзэрхэг дайсан дарагдаж амьтны шившиг болоход

Эрэлхэг баатрууд ялж ардынхаа ерөөлийг сонсдог.

Харь газрын тоос шороотой урт заыг

Хатан туурайгаа пижигнүүлж өнгөрсөн агт морьд

Харихыг яарсан эзнийхээ гарын аяыг дагаж

Халуун хошуугаа нутгийн зүг эргүүллсэн үед юмсан

Хорт дайны түймэр дорно зүгт унтарч

Ховдог сэтгэл “наран” улс толгой гудайж

Хоолойгоо сөөтөлл гашуудлын дуу дуулан гуньж

Хоёр нүдээ хавдтал уйлж байсан үед юмсан.

Атаатнаа дарсан бид ялалтын дуугаа дуулж

Андгай тангаргаа яаж биелүүлснээ бахархан байж

Ангийнхаа тулгийг хийморь цогтой өргөн мандуулж

Алдар гавьяат хөвгүүдээ нэрлэж явсан үедсэн.

Монгол цэргийн дивиз Жанчхүүгийн давааны ард

Морь биеэ амрааж түр буудаллаж байтал

Моторын дуугаа хүнгэнүүлсэн хүнд танкийн цуваагаар

Мохошгүй зоригтон зөвлөлт нөхөд минь хүрэлцэн ирлээ.

Хамгийн түрүүчийн танк миний дэргэд зогсоход

Хаалгаар нь намхан биетэй орос генграл  гарлаа.

Харшиж хүрэнтсэн нүүрэнд нь ссайхан харц тодроход

Харангуутаа би Иван гэж дуу алдаж орхилоо.

-      Батаа гэж тэр маань ч дуудаад ухас хийлээ.

Барилцаж авангуут хоёрулаа учир зүггүй үнсэлцлээ.

Партизан дайны үед анх тэвэрсэнтэйгээ адил

Бадриун чийрэг гараараа лут чанга тэвэрсэн шүү.

Хорвоод уулзахдаа дайны фронтонд учраад тэр үү

Хосгүй их ялалтандаа сэтгэл хөдлөөд ч тэр үү

Хол салаад улзаагүй удсан эр улс чинь

Хоёр биеэ хараад зуйлдаг юм байдаг шүү

Баярын нулимс өөрийн эрхгүй урсан унахад

Баясаж хөөрсөн инээдэм хөхрөлдөөн зэрэгцэж билээ.

Байлдагчид маань генерал хурнандаа хоёроо дуурайх шиг

Бас л бүгдээрээ тэврэлцэн байж үнсэлцэж билээ.

Би ч гэсэн Иван  ч гэсэн хэн хэн нь ер нь

Бие биеэ харалцаад нэг хэсэг зогсохдоо

Бэлэн зэлэн үгээ эвлүүлж хэлэх учраа олохгүй

Бишүүрхсэн хүүхэд шиг таг дуугүй саатаж билээ.

-      Бие чинь сайн, ялалт ихтэй яваа биз дээ.

Би чиний тухай үргэлж сонсож байсан шүү Батаа

Бичсэн захидлыг чинь фронтын шугаманд авдаг байлаа.

Бэлэглэсэн морийг чинь зэвгийн адил хайрладаг байлаа.

Эх орныхоо ариун хилээс Гитлерийг элдсээр

Эльба голоос чиний морийг усалж байхдаа

Эрхэм дотно үгтэй сэтнгэлийн чинь хэдэн захидлыг

Эхнээс нь аваад дахин дахин уншсан шүү би.

“Ядрах цагт нөхрийн чанар танигдана” гэдэг

Яасан, сайхан утга төгөлдөр үнэн үг вэ

Яруу алдарт монгол нөхдийн маань  бэлэг захидал

Ялж дийлэхэд минь хичнээн тус болсон гэж санана.

Ингэж хэлээд дахиад намайг тэвэрч авлаа.

Инээж шуугиан хоёр ахиад бс зэрэгцлээ.

Ихийг үзэж зовлонг дарж ялалтаа мандуулсан

Итгэлт нөхөр Иван найзынхаа үгний хариуд:

-      Тиймээ, Иван өөрийн чинь хэлдэг түмэн зөв

Тэмцлийн галд Сталинградыг хамгаалж баатар болсныг чинь

Тэгээд цааш нь давшиж берлин хот хүрсныг чинь

Тэр бүгдийг чинь бид мэдэж сонсож байсан шүү.

Багш Ленин жанжин Сүхбаатар хоёрынхоо

Бадран мандсан улаан тугийг өндөрт өргөж

Баялаг орон эрх жаргалаа харьтан хортноос

Бат нэгдлээрээ та бид хамгаалж чадлаа.

Гань галзуу дайснаа хамтын хүчээр цохисон маань

Гавьяа шагнал нэр цол горьдсоных б ээ.

Газар дэлхий шатаасан дайны голомт унтраасан маань

Ганц хоёр улсынхаа хилийг өмгөөлснийх бишээ,

Даян дэлхийн шударга түмэнд өстөн болсон

Дайсныхаа өвдгийг сөгдүүлснийх юу илээ хө

Дархан яялалтынхаа их баярын хэдэн хундагыг

Дав даруй тогтооно байгаа Иван минь гэлээ.

Дайн самуунаа дарсан орос цэргийн генерал

Даанч энэ мэтээс ухрахгүй нь мэдээж хэрэг шүү дээ

“Давай” гэж хэлээд Иван минь инээмсэглэн байж

Дал мөрөн дээр минь дап хийтэл алгадаж билээ.

Дөрвөн туурайт агт морьдынхоо эмээлийг авч    

Дөрвөн дугуйт аварга техникийнхээ моторыг асааж

Түвшин билэгтэй төгс жаргалын баярыг тэмдэглэж

Дүүрэн хундагаа орос монголгүй өргөн барихдаа

Хаа очиж хэнтэй тулалдсан байлдааныхаа түүхийг

Хаагуур орж хичнээн явсан аяныхаа хэмжээг

Харин ч нэг ний хуугүй дэлгэн уншиж

Хамгийн дотно үг яриагаа солилцож гарлаа.

Найз дотно дайчин бид хуран цуглаад

Найраа хийж ялалтын хундагаа өргөж байхдаа

Нандин хайртай нөгөө бууг минь Иван үзээд

Надаас тэр сэтгэл зүрхнээсээ ингэж асуулаа.

-Хажууд чинь байгаа урт бууг харахад

Халуун залуу нас минь аргагүй л бас санагдаад байна

Харин Батаа минь тэр үеийнхээ зэвсэгтэй явна уу даа гээд

Ханхар өргөн цээжиндээ намайг дахин тэвэрлээ.

-Тиймээ Иван минь та нарын бариулсан буу

Тээр жил арван нэгэн онд цагаантныг даралцсан буу

Тэрслүү дайсныг хорин хоёр онд цохилцсон буу

Тэр жил гучин есөн онд самурайг ниргэлцсэн буу

Одоо ч бас дайны голомтыг даралцаад байна.

Олон жил надтай хамт явж байгаа юм.

Орчлон дэлхийн хувь заяаг хамгаалахын төлөө

Орос дархан урласан юм даа гэж би хариуллаа.

Тэгж бид жанчхүүгийн давааны ард учрахдаа

Тэврэлцэж байгаад авахуулсан зураг минь энэ дээ.

Тэр бид хоёрын хэн аль нь ч гэсэн

Тэмцлийн галд ингэж сүрхий хатуужсан юм даа.

Хань болж хань болж цуг явсан буу минь одоо

Хананд өлгөөтэй түүхийн дурсгал болжээ дүү минь

Хамаг даяар энх тайван эрхэмлэсэн үед

Халуун зэвсгээ дахиад би дуугаргахгүй дүү минь

Хийсэн ялалтаа тоолвол дэвтэр хэдийг дүүргэжээ.

Хирсэн замаа хэмжвэл дэлхийг хэд тойрчээ гээд

Хэвшсэн зангаараа  Батаа гуай соёо сахлаа имрээд

Хэлэх үгээ дуусгав бололтой тамхиа асаалаа.

Хурандаа Батаагийн аж амьдралын бүх намтар бол

Хувьсгалт цэргийн дөчин жилийн түүх юм.

Хувьсгалт цэргийн дөчин жилийн түүх маань

Хуудас цөөхөн ганц найраглалд багтахгүй юм.

Урамшиж ярьсан хурандаагийн үгэнд сэтгэл минь хөдөлснөөр

Урдаа барьсан дэвтрийн зурагт итгэл минь зоригжсоноор

Урт наст түүх намтрын хувь заяа нь

Уран яруу найраг болдог тавилантай учраас

Хэдэн ч дэвтэрт багтмааргүй баян сэдвийн захаас

Хэрдээ таарсан энэ найргийг чадан ядан бичлээ би.

Хичээнгүйлж оролдсон бүтээл минь алдаа ташаа байвал

Хэрэгтэй сайхан шүүмжлэлээ уншигч та минь хайрлаарай.

-11б-н Ихбаяр,Ганбилэг орууллаа.
 HAPPY NEW YEAR!


Comments

2013-11-12 -

Бичсэн: Зочин

багшаа гоё найраглал бна

. Шууд холбоос


2013-10-20 -

Бичсэн: Зочин

unheer gaihaltai nairaglal bn bayralala инээх

. Шууд холбоос


2013-09-30 -

Бичсэн: 11анги буяа (зочин)

хурандаа гоё найраглал бна задлал хийчвэл

. Шууд холбоос


2013-01-04 -

Бичсэн: Зочин

uneher goy nairaglal bnaa zohiolchdoo byarlalaa

. Шууд холбоос


2012-11-01 -

Бичсэн: Зочин

ih heregtei sait bna

. Шууд холбоос


2012-10-28 - хурандаа найраглал

Бичсэн: Зочин

сайн байна уу багшаа танд их баярлалаа

. Шууд холбоос


2012-02-04 -

Бичсэн: Зочин

ирмэх

. Шууд холбоос


би 14-р сургуулийн багш

Сүүлийн бичлэгүүд

. П.Пүрэвсүрэн - Өшөө
. Б.Догмид Мэнд эгч
. С.Эрдэнэ Малын хөлийн тоос
. Б.Ренчин Ану хатан
. Ц.Дамдинсүрэн Хачин хурим
. Ш .Сүрэнжав Гар
. Д.Намсрай : ЖАМУХЫН ӨЧИЛ
. Санжийн Пүрэв : Азын цэнхэр уул
. Ч.Лодойдамба : Солонго
. Д.Нацагдорж Цагаан сар ба хар нулис
. Ч.Лхамсүрэн : Хурандаа найраглал
. ҮР МОГОЙ НАЙРАГЛАЛ
. БУУРАЛ ИЖИЙ МИНЬ
. БАГШ НАЙРАГЛАЛ
. Монгол хэл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Byambaa14
. Ts_Otgonbileg

Бичлэг: 11 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax